Жолоочийн даатгалын хуультай холбоотойгоор ийм утгатай мэдээ нийтлэл, интернет хэлэлцүүлэг хаа сайгүй байна. Иймэрхүү ядуухан тодорхойлолтыг даатгалын салбарын талаар мэдлэггүй нэг сэтгүүлч моодонд оруулсан бололтой юм. Үгүй дээ Хонгор минь гэж түүнд хариулъя. Яагаад гэвэл...
Даатгалын тухай
Банк бол баялгийн хуваарьлалтын систем гэдгээрээ эдийн засагт үүргээ гүйцэтгэдэг бол Даатгал бол эдийн засгийн хамгаалалтын буюу эрсдэлээс хамгаалах систем юм. Вакцинаас ялгаагүй л дээ. Даатгалаас татгалзана гэдэг нь бага ангийн бацаан хатгуулахаас айгаад “Би тариулахгүй ээ!!!” гэж ижий аавтайгаа орилолдон тэмцэлдэж байгаатай ялгаагүй юм.
Дахиад хэлье. Даатгал бол эдийн засгийг эрсдэлээс хамгаалагч сонгодог систем. Эрсдэл гэдэг бол мэдээллийн тодорхой бус байдлаас үүсч болзошгүй сөрөг эффект. Улс орон, корпораци, компани, битгий хэл өрх гэр, хувь хүн гэх мэт оршин буй ямар ч субъектийн хувьд нөлөөлөгч хүчин зүйлүүд тогтвортой байх тусмаа эрсдэл нь бага байдаг. Тиймээс даатгалын багахан хураамж төлөөд томоохон эрсдэлээс хамгаалагдана гэдэг нь аз гэдэг ухагдахуунтай дүйцмээр.
Даатгагч
“Даатгал бол төрийн дээрэм” гэсэн цуу тархаасан нөхөр бол Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал гэж цалингаасаа 10 орчим хувийг аваад эргүүлээд их зүйл авч чадаагүй хорссон хүн байх. Эсвэл цоо эрүүл. Үнэндээ би ч тэрний үр ашгийг хомсхон хүртсэн л дээ. Шалтгаан нь даатгалдаа биш, манайхан даатгалын системээ зөв хөгжүүлж чадаагүйд байгаа юм. Ингэлээ гээд даатгалын системээс зугтана гэдэг нь “ээжийгээ хайрлаж чадахгүй байна” гээд алчихаж байгаагаас ялгаагүй юм. Арай муухай жишээ авчихлаа. Уучлаарай.
Даатгалын салбар хөгжсөн улс орнуудад эрүүл мэндийн даатгалыг хувийн хэвшлийнхэн, тэтгэврийн даатгалын pension fund-ууд хийж байгаа. Тэд бусдын мөнгийг хураамж хэлбэрээр аваад хөрөнгө оруулалт хийн өсгөдөг учраас хураамж төлөгчдөө гомдоохгүй их тэтгэвэр, бас эмчилгээний төлбөр өгчихөж дөнгөж байна. Манайд бол даатгагчийн үүргийг төр хүлээдэг тул даатгалын шимтгэлээ хав дарчихаад, өсөөгүй мөнгөө “өсгөж өгөх” гэж зовж байх жишээний.
Даатгагчийн ялгаа үүнээс харагдана. Жолоочийн хариуцлагын даатгалыг хувийн хэвшилд шилжүүлсэнд нь төрдөө баяр хүргэе. Чин сэтгэлээ шүү. Энэ нь эргүүлээд даатгуулагч та биднийг хохирлоо хэл амгүйхэн барагдуулах нэг үндэс болж байна. Одоогоор манайд 16 ердийн даатгалын 1 урт хугацаат амьдралын даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор СХЗХ-оос Жолоочийн албан журмын даатгалыг үзүүлэхээр 10 компани эрхээ аваад байна. Даатгуулагч та бидэнд хамгийн сайн нөхцөлтэйд нь даатгуулах боломж бий. Сайн нөхцөл гаргах гэж тэд чармайна. Чармайхгүй бол ялагдана. Бид хожно.
Даатгал ба socio-economic
Монголд даатгалын салбар нь санхүүгийн зах зээлийн дөнгөж 2-3 хувийг эзэлж байна. Эдийн засгийн тогтвортой нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд цаашид автомашин гэлтгүй орон сууц, зээл, амь нас, хүнс, үйлчилгээ гэх мэт бүх салбарт даатгалыг нэвтрүүлэх шаардлагатай. Ингэснээр цаашлаад нийгмийн бухимдлыг багасгаж, нийт хүн амын 70 хувь нь өвчлөөд байгаа стрессээс үүдэлтэй сэтгэцийн өвчин (Сэтгэл зүйн үндэсний хүрээлэнгийн судалгааны дүн юм гэсэн шүү)-г бууруулдаггүй юм аа гэхэд өсөлтийг нь удаашруулах боломж үүсч байна.
Мөн даатгал нь хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоогч сонгодог хөшүүрэг юм. Байшин дээр бол даатгалын салбар хөгжсөн орнуудад чанар муу, хуучирсанд нь даатгалын компаниуд эрсдэлээ тооцон үнэлгээг багаар тогтоож, чанартай тэвхийсэн байшинд ихээр тогтоочихож байх жишээний. Нэгэнт үнэлгээний хариуцлагыг даатгагч этгээд хүлээх болох худалдан авагчдад ч уг үнээр худалдан авахад шийрэгнээд байх зүйлгүй сэтгэл амар. Манайд бол банкууд л орон сууцны зээлнийхээ барьцаа хөрөнгийг даатгуулахыг шаарддаг ба өөрсдөө үнэлж байна. Зарим нэг банкууд бол 1960 оноос өмнө баригдсан байшинд зээл олгохгүй гэж байх жишээний. Яахав, тэрүүхэн тэндээ болгоцгоогоод л байна. Эрх зүйн орчин муу орны арга ядсан үйлдлийн жишээ юм уу даа.
Үүнээс том асуудал бий. Оростой хийх худалдаанд бид дандаа алдагдал хүлээдэг. Шалтгаан нь нефьтийн бүтээгдэхүүн. Автомашины олшролт, замын түгжээ гэх мэт нь нефьтийн импортыг 5-10 хувь өсгөдөг. Автомашинаа бууруулснаар улс даяараа мөнгө хэмнэнэ. Энэ хууль нь ч үүнд эерэг нөлөөтэй нь дамжиггүй. 2008 онд хийсэн АХБ-ы судалгаагаар нийт автомашинтай иргэдийн 60 гаруй хувь нь хэрвээ нийтийн тээвэр үйлчилгээ сайжирвал түүгээр үйлчлүүлэхэд бэлэн гэсэн хариулт өгсөн нь нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлж, улс даяараа мөнгө хэмнэх бололцоотойг харуулна.
Дээр pension fund гэх мэт хөрөнгө оруулагчдын тухай өгүүлсэн. Манайд ч бас бага багаар даатгалын компаниуд эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Тодруулбал тэд дүрмийн сангийнхаа 40 хувийг нөөц сандаа авч үлдэг арилжааны банкуудад хадгалуулдаг. Энэ нь эргээд арилжааны банкуудын зээлийн эх үүсвэр болоод иргэдэд зээл болон бусад хэлбэрээр очиж бидний бизнесийн хийгээд хэрэглээний санхүүгийн олон хэрэгцээг хангана. Хурдан pension fund байгуулагдаасай. Хөрөнгийн зах зээл маань хөгжих юм шүү.
Жолооны курс
Асуудал тодорхой тул орхие доо
Жолоочийн даатгал
Жавхаа пацаан нэг нөхрийн машиныг барьж яваад таны машины араас орчихлоо гэхэд таны болон машины эзний хохирлыг барагдуулах зайлшгүй шаардлага үүснэ. Дээр нөхцөл байдал тогтвортой байх тусмаа эрсдэл багатай байдаг гэж өгүүлсэн. Хоёр машины засварын төлбөр нь би байтугай дундаж орлоготой өрхийн амьдралд хүндхэн цохилт болно. Тиймээс л даатгалыг иймэрхүү асуудлуудыг шийдвэрлэх хялбархан бөгөөд энгийнхэн шийдэл тул магтан дуулаад байгаа хэрэг.
Албан журмын даатгал
Жишээгээ жоохон өөрчилье. Экселээрээ гэрээ тэжээдэг 5 ам бүлтэй айлын нэг жолоочийн даатгалгүй нөхөр намайг ногоон гэрэл, цагаан шугамаараа гарч байхад гулгаж ирээд гусаа хаяул яана!!! Энгийн нэг халтуурчин байтугай ид чадалтай хүмүүс нь жоохон шүргэлцсэнийхээ төлөө зам дээр цаг, минут харгалзалгүй түгжээ үүсгэн, бүх нийтээр нь гацааж, “новширч” зогсдог хорвоо доо. Магадгүй тэр жолооч миний хохирлыг барагдуулах гэсэндээ өрхийн эдийн засагтаа хэд хоног хоосон хонох хэмжээний интервенц хийх, эсвэл танаас хулгай хийнэ. Ажилтгүйдэл (орлого багасах), гэмт хэрэг хоёр шууд хамааралтай байдаг. Жим Керриг санаж байгаа биз дээ? Манайд ч гэсэн их сургуулиудын семестрийн төгсгөлд төлбөрөөрөө шоудчихсан оюутнууд тэрийгээ олох гэж хулгай дээрэм хийдэг тохиолдол их. Эцсийн эцэст тэр экселийн жолоочийг даатгалд хамруулснаар таны, бас миний эрхийг хамгаалж буй хэрэг юм. Энийг бодоод бүх “экселчид” өөрсдөө очоод даатгуулах нь юу л бол. Иймээс л “албадан” даатгаад байгаам даа. Болдогсон бол тэр эцэг, эхүүдийн төлбөрийн мөнгийг даатгахсан.
Төгсгөл
Зах зээл томроход хөрөнгө оруулалт өснө. Хөрөнгө оруулалт өсөхөд тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварын бүх хүчин зүйлсэд эерэг нөлөө үзүүлдэг. Дагаад бусад салбараа ч дэмжээд явчихна. Ядаж ч даатгалын компанийн ажилчдын цалин өснө. Тиймээс төр засаг байсан байгаагүй өөрийнхөө бас бусдынхаа сайн сайхны төлөө даатгуулцгаая.
Жич: Яг одоо “Чи одоо хэний захиалгаар ийм юм бичээд байгаа юм?”, “Чи даатгалын компанид ажилладаг уу?” гэж асуух гэж байгаа хүмүүст хэлэхэд алинд ч “Үгүй” гэж хариулъя.
Test...
ReplyDeleteСудалгааны тоо материалаар баяжуулаад, өдөр тутмын сонин ч юм уу, олон нийтэд хүргэх хэрэгтэй юм шиг ээ.
ReplyDelete